3.2. Зай хураагуурын цэнэг яагаад дуусдаг вэ?


Зураг 10. Шинэ болон дууссан зай хураагуур

... Зай хураагуур нь дотроо 2 хэсгээс бүтнэ. Шинэ зай хураагуурын нэг хэсэг нь асар олон илүүдэл электронтой бол нөгөө хэсэг нь маш цөөн электронтой байдаг.

Олон электронуудтай хэсэг нь нөгөө хэсгээ бодвол харьцангуйгээр илүү хасах цэнэгтэй тул тэр үзүүрийг хасах туйл, харин нөгөө үзүүрийг нь нэмэх туйл гэж тэмдэглэдэг.

Энэхүү электроны тооны зөрүүнээс болоод зай хураагуурын хоёр үзүүрийн хооронд цэнэгийн ялгаа үүссэн байдаг. Энэ ялгаа нь электронуудыг хөдөлгөөнд оруулах гол хүч болно. Энэ хүчийг бид цахилгаан хөдөлгөх хүч, потенциалын ялгавар, ХҮЧДЭЛ гэх мэтээр олон янзаар нэрлэдэг юм. Цаашид бид энэ хүчийг нэрлэхдээ голдуу ХҮЧДЭЛ гэдэг нэрийг ашиглах болно.

Хураагуурын хоёр хэсэг хоорондоо электронуудыг үл нэвтрүүлэх тусгаарлагчтай тул түүнийг хэрэглээгүй үед электронууд хөдөлгөөнд орж чаддаггүй.

Харин түүний хоёр үзүүрт гэрлийн шил эсвэл жижиг цахилгаан хөдөлгүүр зэргийг дамжуулагч утас ашиглан битүү цахилгаан хэлхээ үүсгэн холбовол электронууд нь олон электронтой хэсгээсээ нөгөө хэсэг рүүгээ тэмүүлэн хөдөлгөөнд орно. Энэ хөдөлгөөнийг өдөөгч нь дээр дурдсан потенциалын ялгавар билээ. Харин электроны хөдөлгөөнийг цахилгаан гүйдэл гэдгийг бид өмнө судалсан.

Улмаар гэрлийн шил доторх тусгай утсаар цахилгаан гүйдэл гүйхэд тэр нь халж улайн гэрэл цацруулдаг. (Зураг 11)


Зураг 11. Зай хураагуур, дамжуулагч утас ашиглан гэрлийн шил асаах энгийн цахилгаан хэлхээ


Бид холболтоо салгахгүй бол дээрх гэрлийн шилний гэрэлтсээр зай хураагуурын хоёр туйлын хооронд байсан хүчдэл буюу "цахилгаан хөдөлгөх хүч"/"потенциалын ялгавар" дуустал үргэлжлэх болно.

Хоёр туйлын хооронд байсан хүчдэл байхгүй болно гэдэг нь хоёр туйлын хоорондох цэнэгийн ялгаа байхгүй болно гэсэн үг. Энэ нь хураагуурын хоёр хэсгийн цэнэг буюу электроны тоо тэнцүү болно гэсэн үг. Үүнийг л бид зай хураагуур суулаа, зай хураагуурын цэнэг дууслаа гэхчлэн ярьдаг билээ.

Зай хураагуурын цэнэг багасах, дуусах нь цахилгаан эрчим хүч буюу энерги өөр төрлийн эрчим хүч болон хувирсаныг илтгэнэ. Дээрх тохиолдолд цахилгаан энерги нь гэрлийн энерги болсон байна.

Ахуй хэрэглээнд өргөн хэрэглэгддэг зайнуудын тогтсон тэмдэглэгээ, нэршилийг Зураг 12-д үзүүлжээ. Эдгээрээс гадна дахин цэнэглэдэг зай байдаг ба дээрээ “Rechargeable” гэсэн бичигтэй байдаг.


Зураг 12. Ахуйн зай хураагуурууд 

Зай хураагуур хийхэд химийн хорт бодис ордог тул дараах анхааруулгыг байнга санаж яваарай:



  • Тухайн төхөөрөмжид тохирсон, үйлдвэрлэгчээс зөвлөсөн зайг хэрэглэх.
  • Зайг хуурай газар, тасалгааны хэмд хадгалах.
  • Дахин цэнэглэдэггүй зайг цэнэглэгчээр цэнэглэхийг бүү оролд. Дэлбэрэх осолтой.
  • Зайг задлахыг бүү оролд. Хорт бодис биеийн түлнэ.
  • Хэрэглээд дууссан зайг байгаль орчин бохирдуулалгүй хаях.
  • Төхөөрөмжөө удаан хугацаагаар хэрэглэхгүй бол зайг нь салган тусад нь хадгалах.

Дахин цэнэглэдэггүй зайг цэнэглэгчээр цэнэглэж болохгүй хэдий ч харин нарны гэрлийн тусламжаар бага зэргийн цэнэг өгч болдог. Элчилгүй элсэн цөлд гар чийдэнгийн чинь цэнэг дуусчихвал хэрхэх вэ?
 AA, AAA, 9V төрлийн ихэнх зайнуудын гадар нь нимгэн төмөрлөг ялтас байдаг тул наранд түр тавихад багахан цэнэг авдаг. Энэ нь нарны цацраг дахь электронууд зайны хасах туйлтай хэсэгт нэвтэрч шингэдэгээр тайлбарлагдана.

0 comments: