2.1. Цахилгаан цэнэгийн үндсэн хууль

Эсрэг тэсрэг зүйлс бие биедээ татагддаг гэдэг үг сонссон уу? Тийм бол баяр хүргэе. Та нар цахилгаан цэнэгийн тухай үндсэн хуулийг мэддэг болж таарлаа. Өөрөөр хэлбэл цахилгаан цэнэгийн энэ хууль нь “Эсрэг цэнэгүүд таталцана, ижил цэнэгүүд түлхэлцэнэ” юм.

 Зураг 5. Цахилгаан цэнэгийн үндсэн хууль
...

Энэ хууль ёсоор хасах цэнэгтэй хоёр биеийг ойртуулахад бие биеээ түлхэж холддог. Үүнчлэн нэмэх цэнэгтэй хоёр бие ч харилцан түлхэлцэнэ. Харин эсрэг буюу харгалзан нэмэх, хасах цэнэгтэй хоёр бие таталцаж хоорондоо ойртоно.
Харин одоо цахилгаан цэнэгийн үндсэн хууль хэмээх энэхүү чухал хуулийг амьдрал дээр туршин үзье. Үүний тулд чамд хоёр үлээдэг бөмбөлөг хэрэгтэй. Хэрэв та халзан бол өөр хэн нэгэн үстэй хүнийг туршилтандаа оруулаарай.
       1. Эхлээд нэг бөмбөлөгөө үлээж амсрыг нь боо
       2. Бөмбөлөгөө толгойтой үсэндээ сайтар үр
Одоо та сайн ажиглавал бөмбөлөгөнд таны үснүүд татагдан наалдах болно. Учир нь үрэлтийн үр дүнд таны үс, бөмбөлөг хоёр эсрэг цэнэгтэй болсонд ажээ. (Зураг 6)


Зураг 6. Эсрэг цэнэгтэй үс, бөмбөлөг

Байгаль дээрх биесүүд ихэнхдээ ямар нэгэн цэнэггүй саармаг төлөвт байдаг. Өөрөөр хэлбэл бие дэх электрон, протоны тоо тэнцүү байна гэсэн үг. Тиймээс туршилтын өмнө таны үс болоод бөмбөлөг цэнэггүй, саармаг байжээ. Харин бөмбөлөгийг үсэнд үрсэнээр үс тань хэсэг электроноо бөмбөлөгөнд алдсан байна. Саармаг буюу цэнэггүй байсан бие хасах цэнэгтэй хэсэг электроноо алдчихаар нэмэх цэнэгийн хэмжээ нь дийлж таны үс нэмэх цэнэгтэй болжээ. Үүнтэй төстэйгөөр хэсэг электрон өөртөө нэмж авсан бөмбөлөг нь хасах цэнэгтэй болсон ажээ. Эсрэг цэнэгүүд таталцах хуулиар нэмэх цэнэгтэй үс, хасах цэнэгтэй бөмбөлөг хоёр бие биедээ татагдсан байна.

Одоогоор бид цахилгаан цэнэгийн хуулийн зөвхөн эсрэг цэнэгүүд таталцдаг хэсгийг нь л туршилтаар баталлаа. Одоо ижил цэнэгүүд түлхэлцэх хэсгийг баталъя.
     1. 2 бөмбөлөг үлээж амсрыг нь боо
     2. 2 бөмбөлөгөө нарийн утсаар нэг саваа модноос уя
     3. 2 бөмбөлөгөө толгойтой үсэндээ сайтар үр
Ингээд бөмбөлөгүүдээ сул тавьбал тэд бие биеэ түлхэхийг харах болно. (Зураг 7)

Зураг 7. Ижил цэнэгтэй хоёр бөмбөлөг 

Учир нь үрэлтийн үр дүнд бөмбөлөгүүд өмнөх туршилтын адил үснээс электронууд авсан тул хасах цэнэгтэй болно. Бөмбөлөгүүд хоёул ижил хасах цэнэгтэй болсон тул хоорондоо түлхэлцжээ. Та эдгээр туршилтуудаа улам баяжуулан ундааны лааз, байрны хана зэргийг оролцуулан хийж үзээрэй.


Цааш нь...

1-р бүлгийн давталт

Өмнөх сэдвүүдээр бид дараах ойлголтуудыг судаллаа:

  • Электроник гэдэг нь электроны хөдөлгөөнийг чиглүүлэн залахтай холбоотой асуудлуудыг судалдаг шинжлэх ухаан; 
  • Атом нь электрон, протон, нейтрон гэгдэх жижиг бөөмсөөс тогтдог; 
  • Электрон нь хасах, протон нь нэмэх цэнэгтэй ба харин нейтрон нь цэнэггүй;
  • ...
  • Электрон нь атомын цөмөө тойрон олон давхарга үүсгэн эргэлдэж байдаг; 
  • Дамжуулагчидийн атомын гадна давхаргад 3 болон түүнээс цөөн электрон байдаг;
  • Дамжуулагчид цахилгаан гүйдлийг сайн нэвтрүүлнэ; 
  • Хагас дамжуулагчидийн атомын гадна давхаргад 4 электрон байдаг; 
  • Хагас дамжуулагчид цахилгаан гүйдлийг орчны нөхцөлөөс хамааруулан нэвтрүүлнэ; Тусгаарлагчидын атомын гадна давхаргад 5 болон түүнээс олон электрон байдаг;
  • Тусгаарлагчид цахилгаан гүйдлийг нэвтрүүлэхгүй.


Цааш нь...

1.4. Дамжуулагч, хагас дамжуулагч, тусгаарлагчид

Гадна давхаргадаа 3 болон түүнээс цөөн электронтой атом нь тэдгээр гадаад электронуудаа амархан алддаг шинж чанартай байдаг. Алдагдсан электронууд нэг бол өөр атомд нэгдэнэ, үгүй бол сул электрон болон ‘тэнэж’ явдаг. Сул электрон нь цахилгаан гүйдэл гүйх эх сурвалж билээ....

Ийм учраас л атом нь гадна давхаргадаа 3 болон түүнээс цөөн электронтой байдаг алт, мөнгө, зэс, хөнгөн цагаан, төмөр зэрэг бодисууд цахилгаан гүйдлийг сайн дамжуулдаг ажээ. Тиймээс эдгээрийг цахилгаан дамжуулагч гэдэг.

Харин  гадна давхаргадаа 5-аас 8 хүртэл тооны электронтой байдаг шил, шаазан, резин зэрэг бодисууд гадаад электронуудаа огт алддаггүй. Тиймээс сул электрон байхгүй гэж ойлгож болно. Сул электронгүй тул цахилгаан гүйдлийг огт дамжуулдаггүй ба тэдгээрийг цахилгаан тусгаарлагч гэдэг. Ийм бодисуудаар бид цахилгаан гүйдэлтэй ажилладаг бахь, халив(бид ихэвчлэн автиирк гэдэг) зэргийн бариулыг хийж өөрсдийгөө цахилгаан гүйдэлд цохиулахаас(тогонд цохиулах) хамгаалдаг билээ.
Гадна давхаргадаа 4 электронтой атом бүхий цахиур, германи зэрэг бодисууд орчны нөхцөлөөс шалтгаалж цахилгаан гүйдлийг зарим үед дамжуулна, зарим үед  муу дамжуулна. Эдгээр бодисын орчны нөхцөлийг нь өөрчлөх замаар түүгээр дамжих гүйдлийг нь исэсгэж багасган удирдаж болдог. Тиймээс эдгээрийг хагас дамжуулагч гэдэг. Хагас дамжуулагчийн энэ шинж чанарыг хүмүүс бид ашиглан электроникийн олон эд анги хийж гар утас, телевизээс эхлээд машин, онгоцонд ашигладаг билээ.

Зураг 4. Цахилгаан дамжуулагч, хагас дамжуулагч, тусгаарлагчид



Цааш нь...

1.3. Электроны давхарга

Электрон нь цөмөө тойрон хэд, хэдэн давхарга болон эргэдэг.

Зураг 3a. Алтны атом, түүний цөмийг тойрон эргэх электроны давхаргууд
... Алтны атомын гадна давхаргад нь 1 электрон байна. Харин олон тооны протон, нейтроноос бүрдэх атомын цөмийг дүрслэхдээ хялбарчлан ганц том дугуйгаар орлуулан зуржээ.
Зураг 3б. Арсенийн атомын цөмийг тойрон эргэх электроны давхаргууд.

Мөн 3б дугаар зураг дээрх Арсени гэдэг бодисын электроны хамгийн гадна талын давхаргад 5 электрон байна. Цөмийг нь бас ганц саарал дугуйгаар төлөөлүүлэн зурсан байна. Энэ мэтчилэн өөр өөр бодисийн атомууд гадна давхаргадаа өөр өөр тооны электронтой байдаг. Гэхдээ гадна давхаргын электроны тоо хэзээ ч 8-аас хэтэрдэггүй.


Цааш нь...

1.2. Атомын цэнэг

Бөөмс нь цэнэг гэгдэх онцгой нэгэн шинж чанартай байдаг. Электрон нь хасах, протон нь нэмэх цэнэгтэй байдаг. Харин нейтрон нь цэнэггүй юм. Математикт -1 ба +1 гэсэн 2 тооны нийлбэр нь 0 болдог шиг электрон, протоны цэнэгүүд нь бие биеэ саармагжуулж байдаг. Атомд байгаа электрон, протоны тоо тэнцүү бол цэнэгүүд нь саармагжаад уг атом цэнэггүй болно. ...

Зураг 2. Атом доторх бөөмс, тэдгээрийн цэнэг


Цааш нь...

1.1. Атом

Электроник гэдэг нь электроны хөдөлгөөнийг чиглүүлэн залахтай салшгүй холбоотой физик, технологийн шинжлэх ухааны салбар юм. Тиймээс түүнийг сурахад атомийн бүтцийг судлах нь зайлшгуй чухал юм. Бидний харж, хүрч, амталж, үнэрлэж байгаа төдийгүй бидний мэдрэхүйд мэдрэгдэхгүй байгаа бүх л эд зүйлс нь бодисоос тогтоно. Бодис нь атомаас тогтдог. Жишээ нь цасан ширхэг нь хөлдсөн уснаас, ус нь усны атомаас тогтоно. ... Атом нь өөрөө олон жижиг бөөмсөөс тогтдог. Атомын төвд цөм байх ба харин цөмийг тойрон электрон гэгдэх жижиг бөөмс эргэлдэнэ. Харин цөм нь протон ба нейтрон гэгдэх 2 өөр төрлийн бөөмсөөс бүрдэнэ.

 Зураг 1. Атом(E- электрон, P- протон, N- нейтрон)


Цааш нь...

Эхлэл

Одоо үед техник технологи хөгжихийн хирээр хүүхэд багачууд маань робот техникийг ихэд сонирхох болжээ. Хүүхдүүд та бүхэн робот хийж чаддаг болъё гэвэл электроник, програмчлал, механикийн шинжлэх ухаануудын мэддэг байх ёстой юм. Нэг хүн эдгээрийг бүрэн дүүрэн эзэмшихэд хэцүү тул роботыг тус тусдаа нарийн мэргэшсэн мэргэжилтнүүд баг болон хийдэг юм. Энэхүү багийн электроникоор мэргэшсэн нэг гишүүн болъё гэвэл одооноос түүнд сонирхон суралцах ёстой. Энэ сонирхлыг хөгжөөх, дэмжих, өдөөх зорилгоор энэхүү блогийг нээлээ. Энэ блогийг би 10 нас хүрсэн, дундаж мэдлэг чадвартай хүүхдүүд уншиж ойлгоод явчих боломжтой байхаар хөтлөн явуулахыг хичээх болно. Болгооно уу?


Цааш нь...