1.4. Дамжуулагч, хагас дамжуулагч, тусгаарлагчид

Гадна давхаргадаа 3 болон түүнээс цөөн электронтой атом нь тэдгээр гадаад электронуудаа амархан алддаг шинж чанартай байдаг. Алдагдсан электронууд нэг бол өөр атомд нэгдэнэ, үгүй бол сул электрон болон ‘тэнэж’ явдаг. Сул электрон нь цахилгаан гүйдэл гүйх эх сурвалж билээ....

Ийм учраас л атом нь гадна давхаргадаа 3 болон түүнээс цөөн электронтой байдаг алт, мөнгө, зэс, хөнгөн цагаан, төмөр зэрэг бодисууд цахилгаан гүйдлийг сайн дамжуулдаг ажээ. Тиймээс эдгээрийг цахилгаан дамжуулагч гэдэг.

Харин  гадна давхаргадаа 5-аас 8 хүртэл тооны электронтой байдаг шил, шаазан, резин зэрэг бодисууд гадаад электронуудаа огт алддаггүй. Тиймээс сул электрон байхгүй гэж ойлгож болно. Сул электронгүй тул цахилгаан гүйдлийг огт дамжуулдаггүй ба тэдгээрийг цахилгаан тусгаарлагч гэдэг. Ийм бодисуудаар бид цахилгаан гүйдэлтэй ажилладаг бахь, халив(бид ихэвчлэн автиирк гэдэг) зэргийн бариулыг хийж өөрсдийгөө цахилгаан гүйдэлд цохиулахаас(тогонд цохиулах) хамгаалдаг билээ.
Гадна давхаргадаа 4 электронтой атом бүхий цахиур, германи зэрэг бодисууд орчны нөхцөлөөс шалтгаалж цахилгаан гүйдлийг зарим үед дамжуулна, зарим үед  муу дамжуулна. Эдгээр бодисын орчны нөхцөлийг нь өөрчлөх замаар түүгээр дамжих гүйдлийг нь исэсгэж багасган удирдаж болдог. Тиймээс эдгээрийг хагас дамжуулагч гэдэг. Хагас дамжуулагчийн энэ шинж чанарыг хүмүүс бид ашиглан электроникийн олон эд анги хийж гар утас, телевизээс эхлээд машин, онгоцонд ашигладаг билээ.

Зураг 4. Цахилгаан дамжуулагч, хагас дамжуулагч, тусгаарлагчид


0 comments: